All news

Announcement

G. Undrakhjargal calls on organizations to support employee psychological health and well-being

5 min read

This article is available in Mongolian only.

ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулиас зохион байгуулж буй “Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Оптимал Эн Макс ХХК-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний газрын захирал Г.Ундрахжаргал, Сургалт хөгжлийн менежер Э.Номунгэрэл нар зочин илтгэгчээр оролцлоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улсад ажилтны сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухлаар авч хэлэлцэх болоод буй. Тэгвэл ШУТИС-аас зохион байгуулж байгаа энэхүү хурал нь байгууллагын сэтгэл зүйн хөгжлийн орчин үеийн асуудлууд, байгууллагын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, байгууллагын сэтгэл зүйчийн үйл ажиллагаа зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд явагдсан гэдгээрээ онцлог болж өндөрлөлөө.

Хурлын үеэр сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, энэ чиглэлд суралцаж буй, суралцахаар зэхэж байгаа оюутан залуусаас гадна ажилтныхаа сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд ирсэн байв.

Түүнчлэн, хурлын сэдэвтэй холбоотойгоор эрдэмтэн, судлаач, багш нар асуудлыг илүү бодитойгоор олж харах судалгаа шинжилгээтэй, илтгэлийг танилцуулсан билээ. Үүний нэг нь Оптимал Эн Макс ХХК-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний газрын захирал Г.Ундрахжаргалын танилцуулсан судалгааны үр дүнгийн талаарх илтгэл байв.

Хэдийгээр Монгол Улсад сэтгэл зүйн эрүүл мэндийг ойрын жилүүдэд эрчимтэй хэлэлцэх, ойлгох болсон ч түүнийг шийдвэрлэхэд тус болохуйц шинэлэг, томоохон хэмжээний судалгаа ховор байдаг. Тэгвэл Оптимал Эн Макс ХХК-ийн зүгээс нийгэмд ээлтэй олон ажил эрхэлдгийн хувьд “Монгол ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдал”-ын судалгаа хийж, олон нийтэд танилцуулаад байгаа билээ.

Уг судалгааны талаар илтгэлийг Оптимал Эн Макс ХХК-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний газрын захирал Г.Ундрахжаргал танилцуулахдаа “Оптимал Эн Макс ХХК-ийн хувьд 2022 оноос хойш байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2022-2024 оны хооронд цуглуулсан дата мэдээлэл дээр үндэслэн “Монгол ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдал”-ын судалгаа хийсэн. Судалгаанд 11 байгууллагын 2,600 орчим ажилтан хамрагдлаа. Нэгдүгээрт, Монголд хөдөлмөр эрхэлж буй таван ажилтан тутмын хоёрынх нь ажлын байран дээрх сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан гэх үр дүн гарсан. Оролцогчдын 42 хувь нь ажлаас халшрах хам шинжид тодорхой хэмжээгээр өртсөн байна. Тэдний 65 хувь нь ажлын байрны стрессийг дунд болон өндөр түвшинд мэдэрдэг гэжээ. Хоёрдугаарт, ажлаас халшрах хам шинжийн улмаас ажлаас авах сэтгэл ханамж хоёр дахин (57 хувь) буурдаг гэх үр дүн гарсан. Гуравдугаарт, “Z” үеийнхэн бусад үеийнхнийг бодвол ажлын байрны сэтгэл зүйн асуудалтай тулгарах нь их байна. Монголд “Z” болон түүний өмнөх Миллениал үеийнхэн нийлээд ажиллах хүчний 67 хувийг бүрдүүлдэг. Дүгнээд хэлэхэд, манай улсад энэ төрлийн судалгаа ховор хийгддэг. Олон улсад хийгдсэн судалгаатай харьцуулж үзэхэд үр дүн нь нэг их хол зөрөөгүй. Адилхан л ажлын стресс өндөртэй, ажлаас халшрах хам шинжид өртсөн хүн цөөнгүй байсан.

Ажлын байрны стресс өндөр байх нь байгууллагын ерөнхий сэтгэл ханамжийг 48 хувиар бууруулдаг. Стресст өртөх тусам ажилтан бүтээмждээ сэтгэл дундуур болж эхэлнэ. Улмаар гүйцэтгэл багасаж, бүтээлч байдал буурах нь ойлгомжтой. Байгууллагаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд оролцохоо больж, зугтаж эхэлснээр ажил таслах нь ихэснэ. Байгууллагын бүтээмж буурсны улмаас хүний нөөцийн эрэлт хэрэгцээ ихсэж, зардал өсөх зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс байгууллагууд ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, сайн сайхан байдлыг нь дэмжих чиглэлд ажиллахыг уриалж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Г.Ундрахжаргал өөрсдийн хөгжүүлж буй сэтгэл зүйн шинжлэх ухааны мэдээлэл, судалгаа, тестийн онлайн дата төв болох “mindxplus” цогц платформын туршилтын хувилбараар оролцогчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг тестэлж, платформын ач холбогдлыг тайлбарласан юм.