All news

Announcement

G. Mandukhai on psychological well-being and cyberbullying

4 min read

This article is available in Mongolian only.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран өсвөр үе, залуучуудад тулгарч буй цахим дээрэлхэлт, түүнд холбогдох эрсдэлт хүчин зүйлийг чухлаар авч хэлэлцэх “Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдвийн дор олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус хоёр байгууллагаас гадна төр, ТББ, иргэний нийгмийн байгууллага, ААН-үүдийн төлөөлөл оролцсоны нэг нь сайн сайхан байдлыг дээшлүүлэх шинэлэг шийдлүүдийг өсгөн бойжуулагч Оптимал Эн Макс ХХК юм.

Түүнчлэн, уг арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс өсвөр, залуу үеийн цахим дээрэлхэлтийн талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдох хэлэлцүүлэгт Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай байр сууриа илэрхийлж, нийгмийн сайн сайхан байдалд хувийн хэвшлийн зүгээс оруулж буй үйл ажиллагааны талаар тайлбарлалаа.

Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай:

-Өсвөр үе өөрөө бусад насныхантай харьцуулахад стресст өртөх магадлал маш өндөр. Тухайн насныхан нь бага наснаас өсвөр нас руу шилжиж, олон хямралуудыг мэдэрч байдаг. Гэтэл орчин үеийн нийгэмд энэ олон стресс үүсгэгч хүчин зүйл дээр нэмээд юу бий болж байна вэ гэхээр өнөөдрийн сэдэв болох цахим дээрэлхэлт, дарамтын асуудал. Энэ нь уламжлалт дээрэлхэлт, хор хөнөөлтэй үйлдлээс ялгаатай шинж нь нэрээ нууцалсан байдаг. Хэн намайг хохироох гээд байна вэ гэдгийг мэддэггүй. Хэн ч, хэзээ ч, хаанаас ч, миний ямар ч мэдээллийг ашиглаад надад хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь нэг талаасаа нийгэмд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд байнгын айдас, түгшүүрээр дамжуулаад маш их хор хохирлыг учруулж байгаа.

Сая танилцуулсан "Залуучуудын цахим аюулгүй байдал" судалгааны дүнг маш бодитой гэж харж байна. Дээр нь нэмээд Английн Ноттигам Трэнт их сургуульд сэтгэл судлалын докторт сурч байгаа манай байгууллагын Сэтгэл судлаач Б.Алтанцэцэгийн багш нартайгаа хамтарч хийсэн судалгааг иш татмаар байна. 2022 онд 670 гаруй өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаа байгаа. Судалгаагаанаас харахад сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан тохиолдолд сэтгэл зүйн цахим дээрэлтэд өртөж эсхүл үйлдэж байна. Нөгөөтээгүүр, сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан, байнгын стресст өртдөг, түгшүүр мэдэрдэг, өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй байх үзэгдлүүд нь буцаагаад цахим сүлжээнээс хэт хамааралтай болох зан үйл рүү хөтлөөд байна.

Тэгэхээр бид цахим дарамтад өртсөн хүүхдэд ямар сэтгэл зүйн асуудал байна вэ, үүсдэг вэ гэж ярихаас илүүтэй үүнийг үйлдээд байгаа хүүхдэд ямар сэтгэл зүйн асуудал байна вэ гэдэгт ч зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Манай Оптимал Эн Макс ХХК ч гэсэн нийгэм рүү чиглэсэн судалгаануудыг хийдэг. Хийсэн судалгаанаас маань нэг чухал үр дүн гарсан нь аливаа дээрэлхэлт өөрөө халдварладаг зан үйл юм. Хэрвээ хэн нэгэн дээрэлхэлтэд өртсөн бол сэтгэл зүйн хувьд тэр хүүхэд маш их уур бухимдлыг мэдэрдэг. Уур бухимдлыг мэдрэхдээ түүнийгээ зөв зохистойгоор даван туулж чадахгүй байгаа тохиолдолд буцаагаад бусдаас хариу авах үйлдлийг хийгээд байдаг. Тэгэхээр бид зөвхөн нэг талд анхаарал хандуулахаас гадна нөгөө талд яагаад үүнийг үйлдэх болов, хэрхэн урьдчилан сэргийлэх юм, ямар сэтгэл зүйн дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Олон улсын судалгаануудад ч гэсэн аливаа дээрэлхэлт, ялангуяа цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл гутрал, түгшүүрт өртөх магадлал 50 хувь нэмэгддэг гэсэн байдаг.

Энэ нь цаашлаад юунд хүргэдэг вэ гэхээр түрүүнд дурдагдсан амиа хорлох оролдлого, түүнд хөтөлдөг байх нь. Дэлхий нийтийн түвшинд илрээд байгаа асуудал боловчиг наана нь анзаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, таны хүүхэд эрт унтаж чадаж байна уу, үгүй юу. Хоолонд өмнөхөөсөө хэр зэрэг сайн байна. Сурлага гэдэг бол амжилт биш. Энэ бол дур сонирхлын асуудал. Гэхдээ сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудлын хамгийн энгийн жишээ нь өмнө нь дуртай байсан зүйлээсээ зайлсхийж эхлэх, харилцах дуртай хүмүүсээсээ зугтах. Иймэрхүү зан үйл хүүхдэд тан анзаарагдаж байна уу гэдгийг эцэг эхчүүд, багш нар анзаарч байх хэрэгтэй. Эд нар нь өөрсдөө цахим дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдийг таних хамгийн энгийн жишээ юм.