All news

Announcement

G. Mandukhai on the importance of supporting adolescents

4 min read

This article is available in Mongolian only.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 7-ний өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд, ГБХНХЯ, Боловсролын яам, ХЗДХЯ, их дээд сургуулийн багш, судлаачид, ТББ, иргэ, хувийн хэвшлийн төлөөллүүдийг хамруулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт нийгэм, тэр дундаа гэр бүлийн хүрээнд тулгамдаж буй олон талт асуудлыг дэвшүүлэн санал солилцож, нээлттэй хэлэлцсэн бөгөөд үүнд Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай өөрийн санал, шүүмжийг хэлж, хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээг бодлого тодорхойлогчдод уламжиллаа.

Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай:

Хувийн хэвшлийн төлөөлөл болоод энд дуу хоолойгоо өргөх болсонд маш таатай байна. Би сэтгэл судлаач хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд хэд хэдэн зүйлийг хөндөх гэсэн юм. Энэ бол өсвөр, залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асууда. Түрүүнд илтгэгчид илтгэлдээ гэр бүлийн таагүй харилцаа, салалт гэж дурдсан. Энэ нь аливаа гэр бүлийн гишүүний хүүхэд насандаа, өсвөр залуу үедээ авч байсан сэтгэл зүйн дэмжлэг хангалттай байсан уу, үгүй юу гэдгээс бүрэн хамааралтай. Ний, нуугүй хэлэхэд Монгол Улс өнөөдөр өсвөр, залуу үеийнхээ сэтгэл зүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндийг орхигдуулчихсан. Зөвхөн СЭМҮТ дээр байгаа амбулаторийн тоо, үзлэг, бүртгэлээс л ийм үйлчилгээг тэдэн хүн авсан байна гэсэн маш цөөхөн популяцитай тоо баримтыг дурдаж, асуудлыг хөнддөг. Гэтэл хувийн хэвшил бид хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралын асуудалтай, амиа хорлолтын статистикаар бид дэлхийд дөрөвт явж байгааг олж харсан. Тэгэхээр гэр бүлийн асуудлыг бид нэгэнт сайжруулья гэж ярьж л байгаа бол тогтолцоогоор нь буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хандлагатайгаар ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд яах ёстой вэ гэхээр өсвөр үе, залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг төр засгийн зүгээс бодитойгоор, төсөвтэйгөөр анхаармаар байна.

Би өөрөө Англи улсад энэ чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн хүн. Олон улсад үүний төлөө ямар том алхмуудыг хийдэг вэ гэдгийг харж ирсний хувьд гишүүдэд санал болгох гэж, дуу хоолойгоо хүргэх гэж ирсэн юм.

Олон улсад энэ чиглэлд яаж ажиллаж байна вэ гэхээр маш энгийнээр, хүртээмжтэйгээр ажиллаж байна. Манайхаар аймаг орон нутаг бүрд Well-being center буюу өсвөр, залуу үеийнхэн очоод үнэ төлбөргүй анхан шатны зөвлөгөө авах бүрэн боломжтой төвүүдийг нээчихсэн. Нөгөө талаас эцэг, эхчүүдэд та гэр бүлийн эерэг уур амьсгалаараа, эсхүл багш нарт та заах арга зүйгээрээ хүүхдүүдэд ингэж үлгэрлэх ёстой шүү гээд бодлогод нь, стандартад нь, чиглүүлэгт нь заагаад өгчихсөн байна. Нөгөөтээгүүр, Англи улс шинэ Засгийн газартай болсон. Яг манайхтай адилхан. Ингэхдээ залуу, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн талаар хуулийг Засгийн газар хэрэгжүүлнэ, шинэчилнэ, оруулна гээд явж байна. Яагаад залуу үе рүүгээ анхаарал хандуулаад байгаа юм бэ. Гэр бүл гэдэг ерөнхий ойлголтоос тэр насны бүлгийг тусад нь аваад анхаарал хандуулаад байгаагийн цаад утга учир нь нийгэм, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Бид өнөөдөр залуу үеийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх байдлаар анхаарал хандуулаагүйн улмаас маш олон хор хохирлыг гэр бүл, санхүүгийн хувьд амсаж байгаа. Наад зах нь бид залуучуудынхаа сэтгэлийн тэнхээ, сэтгэл зүйн ур чадварууд дээр урьдчилан анхаараагүйгээс цахим мөрийтэй тоглоомд хэдэн зуун сая төгрөгөөр Монгол Улс, гэр бүлүүд хохирч байгаа билээ. Энэ чинь өөрөө гэр бүлийн асуудал мөн үү. Түрүүнд гэр бүл салалтын буюу гэр бүлд тулгамдаж буй хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал гээд дурдаж байна шүү дээ. Иймээс бид бага наснаас нь өсвөр, залуу үеийнхнээ хаана, юу хийж яваад анхаарах хэрэгтэй байна. Энэ хүүхдүүдэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ, ямар сэтгэл зүйн гэмтэлтэй байгаад байна вэ, үүнд нь шат шатандаа хэрхэн, яаж анхаарах ёстой вэ гэдэгт төр засаг анхаарал хандуулдаг байгаасай гэж хүсэж байна.

Би өөрийгөө хувийн хэвшлийн төлөөлөл гэж хэлсэн шүү дээ. Би Оптимал Эн Макс ХХК-ийн төлөөлөл. Бидний хувьд төр засаг юм хийх байх гэж хүлээгээд суугаагүй. 2022 онд Ковид-19 цар тахлын үеэр өсвөр, залуу үеийн сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэл ямар түвшинд байгаа вэ гэдэг дээр суурь судалгааг хийсэн. Энэ судалгааг хийхэд дотогшоо чиглэсэн эрсдэл буюу сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэл маш түгээмэл гэсэн үр дүн гарсан. Сэтгэл гутрал 57 хувь, сэтгэл түгшүүр 56 хувьтай. Энэ асуудлууд чинь өөрөө тухайн хүүхдийн сурч хөдөлмөрлөхөд саад болж байгаа. Цаашилбал, ажил хөдөлмөр эрхлэхэд, гэр бүл зохиоход шат шатандаа тодорхой хэмжээний хор хөнөөлийг үзүүлнэ.

Энэхүү асуудлыг бид олж харчхаад өөрсдийн хэмжээнд хийсэн зүйл нь технологийн хувьд үүнийг хүртээмжтэйгээр яаж шийдэх вэ гэсний үндсэнд гар утасны Habido аппликейшнийг бий болгосон. Өсвөр үеийнхэндээ кофены мөнгөнөөс ч хямдхан төлбөр төлөөд өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө авчих, эерэг дадлыг бий болгочих, амьдралын хэв маягтаа анхаарчих гэдгийг санал болгож байгаа. Мөн цахим сүлжээнд залуусын өөрсдийнх нь ойлгодог хэлээр нь Positive dadal-аар дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэнд гэж юу юм бэ, би яаж бусдад болоод өөртөө сэтгэл зүйн хувьд ээлтэй зан үйлтэй байх юм зэрэг мэдлэг мэдээллийг түгээсээр таван жил болж байна. Өнөөдөр УИХ-ы гишүүн М.Нарантуяа-Нара санаачилсан арга хэмжээнд ирээд дуу хоолойгоо өргөх шалтгаан нь бид өсвөр үеийнхнээ үл хайхарсан чигээрээ байх юм бол ирээдүйд бид Монголын хөгжлийг, гэр бүлийн сайн сайхан байдлыг яриад нэмэргүй. Үүнд дор бүрнээ бодлого тодорхойлогчид, багш нар, хувийн хэвшлийнхэн, иргэд бид юу хийж болох вэ гэдэгт анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.