Үйл явдал
Global Money Week-2026: Санхүүгийн боловсролыг түгээх олон улсын санаачилгад “Оптимал Эн Макс” ХХК оролцлоо

Дэлхийн хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, мөнгөтэй ухаалгаар харьцах дадлыг төлөвшүүлэх зорилготой Global Money Week олон улсын арга хэмжээг дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улс энэхүү санаачилгад 2013 оноос хойш “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриатайгаар нэгдэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа тус арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.
Энэ жилийн арга хэмжээг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон Цэцээ гүн Ротаракт клуб, Ассу интеракт клуб зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, хүүхэд, залуучууд болон оролцогчдод санхүүгийн боловсрол олгох чиглэлээр олон талт илтгэл, хэлэлцүүлгийг амжилттай өрнүүллээ. Тус арга хэмжээний үеэр санхүүгийн боловсролыг олон өнцгөөс тайлбарласан 6 зочин илтгэгч оролцож, оролцогчдод хэрэгцээт мэдлэг, бодит туршлага, практик зөвлөмжүүдийг хуваалцсан юм.
“Оптимал Эн Макс” ХХК нь хүний сайн сайхан амьдралыг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээний экосистемийг бүрдүүлэх зорилгын хүрээнд санхүү, сэтгэл зүй, технологийн огтлолцолд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэн ажиллаж байна. Тус зорилгынхоо хүрээнд манай байгууллагын Сэтгэл зүйн үйлчилгээ, судалгааны хэлтсийн захирал Г.Ундрахжаргал “Санхүүгийн эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьж, хүүхэд, залуучуудад хуримтлал үүсгэх дадал, мөнгөө ухаалгаар удирдах арга барил, мөн санхүүгийн асуудлаас үүдэх сэтгэл зүйн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэн, тус арга хэмжээнд оролцлоо.


