Судалгаа
Монголын сайн сайхан байдлыг хэмжих нь: Дата суурьтай шийдвэр гаргалтын шинэ суурь

Сүүлийн арван жилд дэлхийн улс орнууд хөгжлийн ойлголтоо шинэчлэн тодорхойлох хандлагад шилжиж байна. Өмнө нь улс орнуудын хөгжлийг голчлон дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийн өсөлтөөр хэмждэг байсан бол өнөөдөр иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамж, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, институцийн итгэлцэл зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь авч үзэх шаардлага улам бүр тодорч байна.
Энэ өөрчлөлтийн үндэс нь маш энгийн. Эдийн засгийн өсөлт тэр бүр иргэдийн бодит, өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулахгүй орхигдуулах нь бий. Хэдийгээр орлого өсөж, эдийн засаг тэлж байгаа ч сэтгэл зүйн асуудал, цахим орчны хэт их хэрэглээ, бие махбодын өвчлөл, орчны бохирдол зэрэг асуудлууд нэмэгдэж байна.
Иймээс дэлхийн томоохон байгууллагууд, судалгааны институтууд улс орнуудын хөгжлийг илүү хүн төвтэй, сайн сайхан байдалд суурилсан хэмжүүрүүдээр үнэлэх шаардлагатайг онцолж эхэлсэн. Тухайлбал, OECD байгууллага улс орны хөгжлийг үнэлэхдээ амьдралын чанар, нийгмийн харилцаа, институцийн орчин, ирээдүйн нөөц зэрэг олон хүчин зүйлсийг хамруулсан сайн сайхан байдлын хүрээ ашиглахыг санал болгож байна. Түүнчлэн, Их Британи улс 2011 оноос хойш жил бүр үндэсний хэмжээнд иргэдийнхээ аз жаргал, түгшүүр, утга учрын мэдрэмж зэргийг үнэлж, хувийн сайн сайхан байдлыг нь хэмжин бодлогын шийдвэр гаргалтанд ашигласаар байна.
Мөн World Happiness Report-ын үр дүнгээр амьдралын сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, харин нийгмийн итгэлцэл, харилцаа, бусдад туслах зан үйл, аюулгүй байдал, ирээдүйд итгэх итгэл зэрэг хүчин зүйлтэй нягт холбоотой болохыг харуулж байна.
Иймд Монгол улс ч мөн иргэдийнхээ амьдралыг сайжруулах хөгжлийн гаргалгааг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр бус, хувь хүний түвшинд цогцоор нь судлан тодорхойлох эхлэлийг хувийн хэвшлийн зүгээс тавихаар бэлтгэж байна.
Яагаад сайн сайхан байдлыг хэмжих шаардлагатай вэ?
Нийгмийн бодлого, хөгжлийн стратегиудыг боловсруулахад найдвартай, бодит өгөгдөл чухал үүрэгтэй. Гэвч олон улсын туршлагаас харахад зөвхөн эдийн засгийн статистик мэдээлэл нь иргэдийн бодит амьдралын нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
Жишээлбэл, Канадын Canadian Index of Wellbeing судалгаанд 1994–2014 оны хооронд Канадын ДНБ 38%-иар өссөн боловч иргэдийн сайн сайхан байдлын индекс ердөө 9.9%-иар өссөн нь эдийн засгийн өсөлт болон амьдралын чанарын хооронд зөрүү байж болохыг харуулсан байдаг.
Иймээс олон улс орон иргэдийн сайн сайхан байдлыг системтэй хэмжих, түүний өөрчлөлтийг цаг хугацааны туршид хянах, бодлого боловсруулахад ашиглах зорилгоор үндэсний хэмжээний индекс, хүрээ загваруудыг хөгжүүлж байна Тухайлбал, Шинэ Зеланд улс Living Standards Framework хэмээх загварыг ашиглан улсын төсөв, бодлого боловсруулахдаа иргэдийн сайн сайхан байдлын үзүүлэлтүүдийг шууд ашиглах болсон нь дэлхийд жишиг болсон туршлагын нэг юм.
Монгол Улсад сайн сайхан байдлыг хэмжих шинэ алхам
Энэ дэлхийн чиг хандлагын хүрээнд Монгол Улсад иргэдийн сайн сайхан байдлыг үндэсний хэмжээнд, хувь хүний түвшинд судлах санаачилга эхэлж байна. Энэхүү судалгаа нь Монголын иргэдийн амьдралын чанарыг олон хэмжээсээр үнэлж, нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгаа, анхаарал шаардлагатай салбаруудыг тодорхойлох зорилготой. Судалгааны үр дүн нь нийгмийн бодлого, байгууллагын стратеги, олон нийтийн шийдвэр гаргалтад ашиглагдах нотолгоонд суурилсан өгөгдлийн сан бий болгоход чиглэнэ.
Нийгмийн ялгаа ба бодлогын ач холбогдол
Судалгааны чухал зорилгуудын нэг нь сайн сайхан байдлын түвшинд илэрч буй нийгмийн ялгаа, тэгш бус байдлыг тодорхойлох юм. Үүнд:
- Хот, хөдөөгийн ялгаа
- Насны бүлгүүдийн хоорондын ялгаа
- Орлогын түвшний ялгаа
- Боловсрол, хүйсийн хүчин зүйлсийн нөлөө зэрэг асуудлуудыг судална.
Ингэснээр нийгмийн бодлого боловсруулахад анхаарал шаардлагатай бүлгүүдийг тодорхойлох, илүү зорилтот арга хэмжээ боловсруулах боломж бүрдэх юм.
Нотолгоонд суурилсан өгөгдлийг анхлан түүчээлэгч
Энэхүү санаачилгыг сэтгэл зүйд суурилсан технологийн шийдэл хөгжүүлэхээр зорилго, сэтгэл зүрхээрээ нэгдсэн манай байгууллага анхлан хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Бид сэтгэл зүйн судалгаа, өгөгдлийн шинжилгээ, дижитал технологийг хослуулан хүний сайн сайхан байдлыг хэмжих, ойлгох, дэмжихэд чиглэсэн шийдлүүдийг хөгжүүлдэг.
Тиймээс олон жилийн судалгааны үндсэн дээр үндэсний хэмжээний энэрүү томоохон судалгааг эхлүүлэх бэлтгэлээ хангаад байна. Судалгаанд оролцох боломжийг иргэдэд MindXPlus платформоор дамжуулан олгож байгаа бөгөөд энэ нь хувь хүн өөрийн сайн сайхан байдлыг үнэлэхийн зэрэгцээ үндэсний хэмжээний судалгаанд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлнэ.
Хөгжлийг хүн төвтэйгээр хэмжих ирээдүй
Иргэдийн сайн сайхан байдлыг хэмжих нь зөвхөн нэг удаагийн судалгаа биш, харин нийгмийн хөгжлийг илүү бодитоор ойлгох урт хугацааны суурийг бий болгох эхлэл юм.
Эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил, институцийн шинэчлэл нь эцсийн дүндээ хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой байдаг. Иймээс иргэдийн сайн сайхан байдлыг системтэйгээр хэмжих, түүнд суурилсан бодлого боловсруулах нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн стратегид чухал байр суурь эзлэх боломжтой юм.
Энэхүү санаачилга нь Монгол Улсад өгөгдөлд суурилсан, хүн төвтэй хөгжлийн шинэ хандлагыг бий болгох эхлэл болно гэж бид үзэж байна.


