All news

Partnership

Psychathon 2024 announces its winners

5 min read

This article is available in Mongolian only.

Оптимал Эн Макс болон Psychathon-ний хамтран зохион байгуулсан Монгол хүний сайн сайхан байдлыг дэмжих шилдэг шийдлийн тэмцээний эцсийн шалгаруулалт, сэтгэл судлаач оюутнуудын ур чадвар, ерөнхий мэдлэгийг нэмэгдүүлэн тус мэргэжлийн үнэ цэнийг сайжруулах зорилготой Psychathon 2024 олимпиад амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Бүтэн сарын турш үргэлжилсэн тус тэмцээний тухайд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын сэтгэл судлал болон бусад чиглэлийн оюутнуудаас бүрдсэн 30 гаруй баг өөрсдийн шинэ соргог санааг сорчлон шилдэг шийдлийн тэмцээнд төслөө ирүүлсэн билээ. Үүнээс эцсийн шалгаруулалтад 10 нь төслийн дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулснаар шилдгийн шилдэг багууд шалгарлаа. Үүнд:

-Нэгдүгээр байрт, Lucas баг "Бидний мэдрэмж хөлөгт картан тоглоом" төслөөрөө,

-Хоёрдугаар байрт, Kaidu баг "Hanami" төслөөрөө,

-Гутгаар байрт, ACE баг "Сэтгэл зүйн даатгал" төслөөрөө орлоо.

Харин олимпиадад МУИС, ИЗОУИС, МУБИС, ХУИС, ДХИС, ОУУБИС зэрэг сургуулийн 100 гаруй сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг оюутан оролцсоноос,

-Нэгдүгээр байрт, МУИС-ийн II курсийн оюутан Б.Мягмардорж

-Хоёрдугаар байрт, МУИС-ийн IV курсийн оюутан Б.Эрдэнэчимэг

-Гуравдугаар байрт, МУИС-ийн IV курсийн оюутан Г.Намуунсайхан нар сурсан эрдэм мэдлэг, ур чадвараараа тэргүүлсэн юм.

Түүнчлэн, энэ удаагийн Psychathon 2024-д төвлөрөхөд туслах, хүүхдийнхээ хөгжлийг хянах, анхаарах аппликейшн, сэтгэл зүйн үйлчилгээ авахад туслах даатгал, хоорондын харилцааг сайжруулах тоглоом зэрэг олон төрлийн төсөл ирсний дунд бодлого тодорхойлогчдод хүргэх зайлшгүй шаардлагатай судалгаа шинжилгээ ч байв. Иймээс Оптимал Эн Макс ХХК-ийн үүсгэн байгуулагч, тэмцээний шүүгч А.Хосгариг тодорхой зарим төслийг нарийвчлан боловсруулан хөгжүүлж, цаашид бойжуулах боломж бололцоогоор хангана гэдгээ илэрхийллээ.

Оптимал Эн Макс ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Эдийн засагч А.Хосгариг:

-Psychathon 2024 арга хэмжээ амжилттай болж дуусаж байна. Үүнд оролцсон нийт баг хамт олон маш сайн бэлтгэлтэйгээс гадна хүний бодол санаанд орохооргүй сайхан шийдлүүдийг салбар дундын огтлолцол дээр гаргаж ирсэн байна гэж харж байна. Шүүхэд нэлээд хүндрэлтэй байлаа.

Манай байгууллага нь 2017 оноос хойш салбар дундын огтлолцол дээр инновацыг бий болгож хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Мөн энэхүү арга хэмжээнээс шалгарсан төслүүдийг бид цаашид хөгжүүлж, бойжуулж явах боломж бололцоог нийт оюутнуудад олгож байгаа.

Санаа шийдэл бол хязгааргүй. Зөв асуудлаа тодорхойлоод, зөв шийдлээ гаргаж ирээд сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Өшөө олон санал санаачилгууд гарч ирээсэй. Ирэх жилийн Psychathon-ний оролцогчдод илүү сайн бэлдэж орж ирээрэй гэж хэлмээр байна.

Мөн энэ удаагийн шилдэг шийдлийн тэмцээн А.Хосгариг, И.Тогтуун, Л.Зүчи, Б.Мэндбаяр, Г.Отгонцэцэг гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд шүүгчид оюутнуудын ирүүлсэн төслийн чансаа өндөр байсныг онцоллоо.

Монголын Эрчим Хүчний Засаглалын Хөтөлбөр USAID Төслийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, МERI Сангийн захирал Б.Мэндбаяр:

-Багууд чиглүүлэх сургалт дээр орсон зүйлүүдийг сайн хүлээж авсан байна. Бүгд асуудлаа тодорхойлох гэж, түүн дээрээ шийдэл олох гэж оролдоод, анализ хийгээд оролцсон нь маш мундаг байна. Юмыг хурдан сурч байна. Хамгийн гол нь та бүхний зохион байгуулж буй Psychathon гэдэг тэмцээн өөрөө салбар дундын асуудлыг, тогтолцооны асуудлыг гаргаж ирээд шийдэл гаргаж байгаа нь өөрөө маш чухал. Дэлхий нийтийн болон Монголын асуудлыг ингэж л хамтын ажиллагаагаар шийдэхээс өөр ямар ч гарц байхгүй.

“СИИ сургалт”-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтэс, Сэтгэл судлаач Л.Зүчи:

-Эхний шатад оролцсон 31 баг байгаа. Хэрвээ тэр 31 багт бага зэргийг зөвлөгөө, чиглүүлэг өгчихсөн бол бүгд эцсийн илтгэлээ тавих боломжтой байсан юм шиг санагдаж байна. Аргагүй эрхэнд 10-ыг нь сонгож авсан. Нөгөө талдаа оюутнууд курс хамаарахгүйгээр маш өргөн мэдлэгтэй байна. Зөвхөн суралцаж байгаа чиглэлээсээ гадна өөр чиглэлийн мэдлэг ч их байна, багаар ажиллах чадвар сайтай байна гэж үзлээ. Илтгэл болон дааж авсан ажлуудаа хангалттай сайн биелүүлсэн байна.

Төгсгөлд нь хэлэхэд сэтгэл судлаач нарт зориулан хэлэхэд биднийг маш олон салбарт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг. Энэ хүлээн зөвшөөрүүлэлтийг бид хийх албагүй ч гэсэн энэ чигээрээ байх юм бол тун удахгүй Монголын сэтгэл судлалын шинжлэх ухаан хангалттай хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадах юм байна гэдэг итгэлийг авлаа.