All news

Announcement

Life satisfaction begins with simple acts of self-kindness

3 min read

This article is available in Mongolian only.

Ухаалаг утасны хэрэглээгээ, жинхэнэ утгаар нь “Ухаалаг” болгомоор байвал анхаарлаа хандуулаарай. Халаасанд багтах гар утсаа өөрийнхөө сэтгэл зүйг хайрлахад, өөртөө эерэг дадал суулгахад, хувийн хөгжлөө нэмэгдүүлэхэд туслах “HаbiDo” аппликейшныг хөгжүүлж 50 мянга гаруй залуучуудын амьдралд эерэг өөрчлөлт түгээгээд буй “Оптимал Эн Макс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мандухайг “ГАРААНЫ БИЗНЕС” буландаа урьж ярилцлаа.

-“HаbiDo”-г хөгжүүлэх санаа хэрхэн төрөв? Эндээс яриагаа эхэлье?

-Манай “Оптимал Эн Макс” ХХК сэтгэл судлалын шинжлэх ухаан болон технологийг хослуулсан шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг. Товчхондоо бид монгол хүний амьдралын чанарыг нэг алхам ч гэсэн дээшлүүлэхийг зорьж байна.

Миний хувьд 2013 оноос сэтгэл судлалын салбарт ажиллаж байгаа, сэтгэл зүйч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйн болон зан төлөвийн судалгаануудыг түлхүү хийсэн. Тухайлбал, монгол хүний бүтээмжид сэтгэлзүйн ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ гэдгийг судаллаа. Цаашлаад 2018 оноос санхүүгийн салбарт судалгаа хийж эхэлсэн. Хүн ямар сэтгэлзүйн шинж чанар, зан төлөвийн онцлогтой байхаараа зээлээ хариуцлагатай, сайн төлдөг вэ гэдгийг судалж, маш их дата цуглуулсан.

Тэр дундаас монголчуудын хариуцлага, тэр дундаа өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байх чадварын тухай сонирхолтой статистик гарсан. Монголчууд бусдын өмнө л хариуцлагатай байхыг сургуульдаа ч заалгасан, эцэг эхээсээ ч ойлгож авсан. Гэтэл өөрийнхөө өмнө хариуцлагатай байх тухай ойлголт хомс. Энэ нь монгол хүний амьдралын чанар, сэтгэлзүйн эрүүл мэнд, сонголтуудад ч нөлөөлдөг чухал хүчин зүйл байжээ гэдгийг судалгаа харуулсан

Монголчууд бусдын өмнө л хариуцлагатай байхыг сургуульдаа ч заалгасан, эцэг эхээсээ ч ойлгож авсан. Гэтэл өөрийнхөө өмнө хариуцлагатай байх тухай ойлголт хомс.

Бид “Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”-г 2021 онд гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад 2 хүүхэд тутмын 1 нь сэтгэл гутралтай, түгшүүр өндөртэй байна. Гэтэл Монголд сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмж бага, хүний нөөц хомс. Улсын эмнэлэг, хувийн хэвшил ажиллаад ч бүх хүнд хүрч чадахгүй байна.

-Өөрөө өөртөө хариуцлагатай байж сурахад “HabiDo” туслах юм байна. Хэрхэн ашиглах вэ?

-Хүн эерэг, өөртөө ээлтэй үйлдлүүдийг сонгох ёстой гэдгээ мэддэг ч 80 хувь нь тууштай байж чадалгүй бүтэлгүйдчихдэг. Тэгвэл хүнийг тууштайгаар өөрийнхөө өмнө хариуцлагатай байхад технологи, сэтгэл судлалын шинжлэх ухаан тусалж чадна гэж итгэсэн. "Би ийм хүн болмоор байна" гэдэг хүсэл хүн бүрд байдаг ч бодит байдал түүнээс өөр байх нь бий. Энэ хоёрын хоорондын зай хол байх тусам хүн сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй, сэтгэл ханамжгүй болж, цөхрөлийн хонгилд гацдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн тэнхээгүй, стресстэй, бухимдалтай байдалд хүрдэг гэсэн үг. Тэгвэл энэ хоёрын хоорондын зайг ойртуулах, бодит зүйл болгоход нь “HаbiDo”тусалж чадна. Ийм зорилготойгоор төслөө үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлсэнчлэн, хүн өөртөө ээлтэй үйлдлийг тууштай болгох дээр асуудалтай байдаг. Энэ тал дээр зорилгоо зөв тодорхойлох хамгийн чухал. Зорилгын биелэлт гэдэг бол өдөр тутмын л үйлдэл шүү дээ. Арван хоногийн хугацаанд 10 шинэ үг цээжилнэ гэдэг зорилго тавилаа гэхэд цагийг нь тулгаад ес дэх хоног дээрээ өөрийгөө зовоогоод л эхэлдэг. Харин өдөрт нэг үг цээжлээд явбал өөртөө ээлтэйгээр зорилгодоо хүрнэ. Ингэж зорилгыг зөв чиглүүлэхэд “HаbiDo”хөтөч болно.

Мөн хувь хүнд гарсан нэг эерэг өөрчлөлт эргээд нийгэмд, тэр хүний эргэн тойрны маш олон хүнд нөлөөлж чадна гэдэг утгаараа “HаbiDo”-оор нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээхийг зорьж байна.

Иймээс бид шийдэл хайж эхэлсэн. Хэдийгээр бид нийгмийн сэтгэл зүйн асуудлыг бүрэн арилгаж чадахгүй ч, эрт илрүүлбэл, эрт нөлөөлж чадвал хожмын хохирлыг бууруулж чадна. Улмаар амьдралын хэв маяг, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжсэн технологийн шинэ шийдэл байх ёстой юм байна гэдгийг бодож “HаbiDo”аппликейшныг хөгжүүлж эхэлсэн. Энэ нь Монголчууд амьдралын чанартаа өөрсдөө хариуцлагагүй ханддаг юм байна. Үүнийг өөрчилье гэдэг л шийдэл юм.

Сэтгэлзүйн эрүүл мэнд болон эерэг дадал нийлээд, тэр дундаас сэтгэл ханамжтай амьдрал, өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байх орон зай бий болно. Энэ нь урт хугацаандаа амьдралын чанар дээшлэхэд нөлөөлөх маш том хүчин зүйл юм байна гэдэгт манай баг итгэдэг. Энэ утгаараа “HаbiDo”-г хөгжүүлж байна.