Мэдээлэл
Сэтгэл зүйн асуудлууд хэнийг ч ялгаварладаггүй

Өнөө цагт аливаа бэрхшээл, асуудалгүй хүн гэж бараг үгүй. Нийгмийн харилцаа, эдийн засаг, цар тахал, өвчин зовлон, эцэг эхийн үүрэг хариуцлага, өөрийгөө ойлгох хэрэгцээ, хайр дурлал, ажил төрлөөс улбаатай санаа чилээх цөөнгүй асуудал бидэнд тулгардаг. Зарим нь асуудлаа олон сар, жилээр “тээн”, гарах арга зам, шийдлээ олж чадахгүй улам туйлддаг. Тиймээс л бидэнд мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөө юу юунаас илүү чухал юм.
Өөрөөр хэлбэл бид мэргэжлийн сэтгэлзүйчийн тусламжтайгаар шийдлийг олж, өөрт тулгарч буй асуудлаа даван гарах бүрэн боломж бий.
“Эерэг дадал” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг мэргэжлийн, чадварлаг хамт олон үүсгэн байгуулжээ. Тэд монголчуудад тэр дундаа залууст зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг олгох, шинжлэх ухаанч нотолгоонд суурилсан мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөө цагт сэтгэл зүйн эрүүл мэнд нь дэлхийн хэмжээний асуудал болсон билээ. Харин монголчуудын хувьд үүнийг дөнгөж таньж, ойлгож байгаа учир шийдэл, арга замаа төдийлөн зөв тодорхойлж чадахгүйн улмаас асуудлууд улам бүр даамжирсаар, хэтдээ нийгмийн эмзэг асуудал болон хувирч байна.
Тэд анх олон нийтэд зориулсан сошиал хаягийг нээж “Та чадна, хичээ” хэмээн хий хоосон урам өгөх биш, сэтгэл судлал, тархи - танин мэдэхүй, зан төлөвийн шинжлэх ухааны шинэлэг мэдлэг мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээр нэг жилийн өмнө инстаграм хуудсаа нээсэн нь өдгөө 83 мянга гаруй дагагчтай болжээ. Тэдний сошиал хуудсын нийтлэл бүр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл, судалгааны үр дүнг баримт нотолгоон дээр үндэслэн хүрдэг байна.
Ковид-19 хүн төрөлхтний биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндийг сорьсон багагүй хүнд сорилт байсан. Нэг үгээр энэ нь хүн хоорондын харилцаа ямар чухал болохыг, ямар нэгэн асуудал тулгарахад бидний сэтгэл зүй хэр хаттай вэ гэдгээ сорьсон. КОВИД-19 гарснаас хойш улс орнуудын “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийн хэрэгцээ, шаардлага 93 хувиар өссөн байна. (WHO., 2021) Өөрөөр хэлбэл өмнө нь 10 хүн тутмын 4-5 хүнд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсан бол өдгөө 9-д нь хэрэгцээ шаардлага гарсан гэсэн үг. Цар тахал намжихаар дагаад хүмүүсийн сэтгэл зүй тайвширч болох ч цар тахал болон улс орнуудын нийгэм улс төрийн зөрчилдөөнөөс улбаатай асуудлууд цаашид улам даамжирч, нийгэмд илүү их нөлөөлөх магадлалтайг тус төвийн сэтгэлзүйч Д.Лхамсүрэн хэлж байлаа.
Сэтгэл зүйн зөвлөгөө гэж чухам юуг хэлэх вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь хүн өөрт тохиолдсон өнгөрсөнд бий болсон эсвэл одоо тохиолдож байгаа бүр эсвэл ирээдүйд ч тохиож магадгүй гэж санаа зовниж байгаа таагүй, стресс, траума өгөхүйц үйл явдлуудын талаар илэрхийлж, хуваалцах явцдаа бодол мэдрэмжээ цэгцлэх, өөрийгөө илүү ойлгож анзаарах, юу хийх хэрэгтэйгээ ухамсарлах, ингэснээр асуудлыг илүү үр дүнтэйгээр даван туулах боломжийг олгодог үйл явцыг хэлдэг. Энэ үйл явцыг сэтгэл зүйн зөвлөгөөгөөр суралцаж, практик дээр дадлагажиж мэргэшсэн сэтгэл зүйч чиглүүлснээр түргэсгэж, илүү үр дүнтэй болгож өгдөг.
Сэтгэл зүйн зөвлөгөөг хэн, ямар тохиолдол авбал зохих вэ?
Дөрөв болон түүнээс дээш насны бүх хүн, хүссэн үедээ сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Хүн өөрөө сэтгэл зүйчтэй ярилцахыг хүсэж байгаа үед сэтгэл зүйч нь энэ хүн зөвлөгөө авахад тохиромжтой, энэ хүнд өгөхгүй гэх мэтээр ялгах эрхгүй. Зөвлөгөөнөөс хэтэрсэн буюу эмчийн тусламж хэрэгтэй тохиолдлууд байна. Энэ үед эмчид хандах хэрэгтэй байгааг нь тайлбарлаж чиглүүлж өгдөг. Эмчээр оношлуулж, магадгүй эмчилгээ хийлгэхийн хажуугаар сэтгэл зүйчтэйгээ үргэлжлүүлэн ярилцах боломжтой гэсэн үг.


