Бүх мэдээ

Мэдээлэл

Бүх ажилтны хурлыг зохион байгууллаа

4 минут уншина

Оптималчууд бүх ажилтны хурлаа хийж, групп компанийн 100 гаруй ажилтан нэгэн зэрэг чууллаа.

Оптимал Эн Макс нь энэ жил буюу 2024 онд бүтцийн шинэчлэл хийж, багагүй олон шинэ ажилтнаар бүл нэмээд буй. Тиймээс компанийнхаа талаар мэдээ мэдээлэл, алсын хараа, зорилго, зорилт, шинээр хийсэн бүтцийн өөрчлөлтийн ач холбогдол зэргийг оптималчуудын нэг болсон хэн бүхэнд ойлгуулж, тайлбарлах үүднээс эл хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Улаанбаатар хотод байрлах Оптимал Эн Макс ХХК-ийн хоёр оффисоос болон Эрдэнэт хотоос оптималчууд ирж, оролцсон юм.

Хурлын тухайд үүсгэн байгуулагч А.Хосгариг, Д.Мандахбаяр болон бидэнтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг, тусалж дэмждэг экспертүүд үгээ хэлж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ..

Оптимал Эн Макс ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Хосгариг:

Эргээд харахад, 2017 онд Н.Мандахбаяртай нийлээд 100 айл дээр 20 мянган төгрөгөөр компаниа байгуулсан цаг хугацаа саяхан болж өнгөрсөн байна.

Долоон жилийн хугацаанд бид гурван мөчлөгийг давжээ. Эхний хоёр жилд ямар ч байсан бизнес хийх арга ухаанаа олох гээд ядаж байсан үе. Яаж санхүүжилтээ босгох уу, хэрхэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх үү, бизнесийн орчин нөхцөл гэж юу юм, яаж удирдлага болох юм, яаж шийдвэр гаргах юм гэх зэргээр хөлд орох гэж байгаа хүүхэд шиг туршиж үзээд л явсан. Унаж босоод тэгж байж алхдаг шүү дээ. Тийм үеийг давсан байна.

Дунд хоёр жилд нь цээжин дотор байсан хүслээ илүү ойлгож, зорилгодоо хүрэхийн тулд ямар бүтээгдэхүүнээр ямар хөгжлийн зам жимээр явах юм бэ гэдгээ тодорхойлсон. Тэр үедээ компанийн үүсгэн байгуулагчид болох И.Тогтуун, Г.Мандухай зэрэг олон хүмүүстэй танилцаад хүчээ нийлүүлсэн.

Гурав дахь шат бол бүтээгдэхүүнүүдийнхээ анхны дүр төрхийг олоод, илүү цэгцтэй явах гэж хичээсэн үе байсан. Ийм гурван мөчлөгийг байгууллагынхаа хүрээнд давж гарчээ.

Өнөөдөр бид ямар мөчлөг дээр явж байна вэ, тэр мөчлөг яагаад чухал юм бэ гэдгийг хэлэлцэх гэж бүх ажилтны хурлыг хийж байна.

Мөн хурал хийх болсон дараагийн нэг шалтгаан нь манай ажилчдын тоо 100 гарчихлаа. Хамтрагч байгууллагын тоо мөн 100 гаруй болсон байна. Бид компаниа байнга жижиг гэж ярьдаг байсан юм. Манайх шиг жижиг компани, жижиг шүү дээ гэж. Тэгсэн манай байгууллага дундаас дээш байгууллагуудын нэг болчихсон байна. Ямар статистик байдаг вэ гэхээр нийт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн 70-80 хувь нь 20 орчим ажилтантай байдаг юм байна л даа. Тэр утгаараа дундаас дээш түвшний компани болжээ. Тиймээс илүү зохион байгуулалтад орж, илүү алсын хараа эрхэм зорилго гэдэг зүйлээ ойлгож, нягтаршиж ажиллах цаг хугацаа иржээ.

Ийм хэдэн шалтгааны үүднээс өнөөдрийн хурлыг хийж байна. Юу биднийг нэгтгэх юм, бид нар ямар дүр төрхтэй явах юм, цаашид ямар зарчим чиг шугамтай явах юм бэ гэвэл бид гэр бүл шиг л байх хэрэгтэй. Гэр бүл шигээ хайрладаг байх хэрэгтэй.

Мөн бид өөрөө өөрсдийгөө өөрчилдөг байх ёстой. Сайн сайхны төлөө. Өөрөө өөрсдийгөө өөрчилсөн бол бид бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг байх ёстой. Манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн бүр энэ мөн чанарыг агуулж байх ёстой.

Ер нь, эргээд харахад надад сандрал байсан. Аливаа зүйлийн урд гараад давхиж байгаагийн хувьд сандрах үе бий. Гэхдээ надад айдас байгаагүй. Юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн байгаа болохоор айдасгүй болчхоод байгаа юм. Олон хүнд хэцүү давааг давж байсан. Үүнийг юугаар давсан бэ гэхээр хамтралаар, итгэл үнэмшлээр, зорилгоор, хүсэл мөрөөдлөөр давсан. Энэ хугацаанд өчнөөн удаа унаж босож, үхэж сэхэхийн зааг дээр янз бүрийн байдалтай явж байсан. Гэхдээ нэг нэгэндээ итгэсэн итгэлээр, зүтгэлээр энэ бүхнийг даваад гарчээ.