Судалгаа
Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа улс орон даяар эхэллээ

Оптимал Эн Макс ХХК нь хүний сайн сайхан байдлыг олон талаас нь дэмжих зорилготойгоор өдгөө 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Судалгаа суурьтай шийдэл санаачлан хэрэгжүүлдгийн хүрээнд 2026 оны томоохон төслүүдийн нэг болох “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-г эхлүүлээд байна. Энэхүү судалгаа нь Монголчуудын амьдралын чанар, сэтгэл ханамж, нийгмийн орчин, санхүүгийн тогтвортой байдал зэрэг олон талт үзүүлэлтүүдийг хэмжих замаар иргэдийн сайн сайхан байдлын талаарх суурь мэдээллийг бий болгох зорилготой юм.
Өмнөх судалгааны үр дүнгээс харахад Монголчуудын дунд сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудал түгээмэл байгаа бөгөөд хүмүүс үүнд хэрхэн зөв анхаарал хандуулах талаарх мэдлэг, дадал хангалтгүй байна. Түүнчлэн сэтгэл хөдлөлд суурилсан санхүүгийн шийдвэр гаргалт, ажлын байрны стресс болон ажлаас халшрах хам шинж дунд болон түүнээс дээш түвшинд байгаа нь ажиглагдсан. Мөн ирээдүй болсон өсвөр үеийнхний дунд эрсдэлт зан үйлд өртөмтгий байдал өндөр байгаа юм. Тиймээс бид эдгээр асуудлыг бууруулах зорилгоор олон хүнд нэгэн зэрэг хүрэх боломжтой, технологи суурьтай шийдэл, төслүүдийг санаачлан хөгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд, тэр дундаа Европын холбооны улсууд хөгжлийг зөвхөн эдийн засгийн тоон өсөлтөөр бус, иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанар, сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлох хандлагад шилжиж байна. Гэвч Монгол Улсад энэ чиг хандлага хараахан нэвтрээгүйн дээр анхаарал хандуулах байдал хомс байгаа нь нийгэмд олон сөрөг нөлөөг дагуулах эрсдэлтэй. Иймд бид улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах оновчтой шийдлийг хайж, үндэсний хэмжээнд иргэдийнхээ сайн сайхан байдлын нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор дээрх судалгааг орон даяар эхлүүлээд байна.
Судалгааны үр дүнд,
- Монголчуудын сайн сайхан байдлын үндэсний суурь мэдээлэл бий болгох
- Нийгмийн бүлгүүдийн амьдралын чанарын ялгааг тодорхойлох
- Бодлого боловсруулагчдад нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх
- Иргэдийн сайн сайхан байдлыг дэмжих санаачилгуудыг хөгжүүлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Судалгааны хамрах хүрээ
Тус судалгаанд Монгол улсын 18-аас дээш насны иргэд хамрагдах бөгөөд оролцогчдыг нас, хүйс, бүс нутгийн төлөөллийг харгалзан сонгож, үндсэн 8 чиглэлээр сайн сайхан байдлыг үнэлэх юм.
Судалгаанд оролцох боломж
Судалгаанд Монгол улсын иргэд онлайн хэлбэрээр оролцох боломжтой бөгөөд асуулга бөглөхөд ойролцоогоор 30 минут зарцуулагдана. Оролцогчдын өгсөн мэдээлэл нь бүрэн нууцлалтай хадгалагдах ба зөвхөн судалгааны нэгдсэн статистик мэдээлэл боловсруулах зорилгоор ашиглагдана.
Судалгаанд оролцох линк: https://survey.mindxplus.com/s/17P7W44O2kbB1wRXHddUZX


