Үйл явдал
Бидний сэтгэл зүйн “Хүрд” кино эвент амжилттай зохион байгуулагдлаа

Сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд түгээн, дэлгэрүүлж, мэдлэгжүүлэх зорилготой Positive Dadal-н хамт олон нь жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрөөдөг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөртэй холбогдуулан нийгэмд ач холбогдол бүхий ажлуудыг төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд Positive Dadal нь өнгөрөгч бямба гарагт Нацагдоржийн номын сан буюу Улаанбаатар хотын нийтийн төв номын санд амиа хорлолт, сэтгэл зүйн асуудлыг тусгасан “Хүрд” киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Хүрд киноны тухайд 2022 онд нээлтээ хийж, дэлхийн номер нэг баримтат кино наадам болох IDFA-аас “Шилдэг кино” шагналыг хүртсэн юм. Тэгвэл уг киног Positive Dadal-н сэтгэл судлаачид, Оптимал Эн Макс ХХК-ийн хамт олонтой үзэж, хэлэлцүүлэгт оролцохоор 100 гаруй хүн бүртгүүлж, хүрэлцэн ирсэн бөгөөд киноны талаарх сэтгэгдэл, сэтгэл зүйн асуудал, түүний хор уршгийн талаарх бодлоо хуваалцлаа.
Хэн нэгний дулаахан нэгэн байя
/Хувь хүний нэрийг нууцлахын тулд нэрийг үсгээр төлөөлүүлэв/
Оролцогч А: Энэ киног үзээд эхэндээ бол цочирдсонгүй. Яагаад цочирдоогүй вэ гэдгийн шалтгаан нь амиа хорлолт. Учир нь, нийгэмд амиа хорлолтын талаар эхний удаа сонсоод “Өө яана аа амиа хорлолт болчхож тээ” гээд өнгөрдөг. Харин хоёр, гурав дахь амиа хорлолтын жишээ нь дээр “энэ чинь зүгээр л нийгмийн нэг үзэгдэл шүү дээ” гэж хүлээж авдаг болчихсон байдаг. Гэтэл яагаад шийдэл хайгаад, үүнийг өөрчлөх гэж жаахан ч гэсэн хичээдэггүй юм бэ.
Хүрд киноны ерөнхий үйл явцаас нь харах нь юм бол сэтгэл гутралын үндсэн шалтгаанууд нь нийгмийн үнэ цэнтэй гишүүн байх хэрэгцээ нь хангагдахгүй байх, өөрийнхөө эд материаллаг хэрэгцээг хэрэгцээг хангаж чадахгүй байх байна шүү дээ. Тиймдээ ч хамт байгаа хүмүүстээ, эсхүл нийгэмдээ юуг сайн чадах юм бэ гэдэг сэтгэл зүйн хэрэгцээ, нэг нэгнээ хамгаалах, хайрлах хэрэгцээг нь хангаж өгөх шаардлагатай байгаад байна. Нийгмийн чанартай харилцаа гэдэг зүйл дутагдаад байгаа болохоор л сэтгэл гутралыг, амиа хорлолтыг томруулах шалтгаан болоод байна.
Улаанбаатар хотод хүйтэнд алхах үнэхээр хэцүү байдаг. Яагаад гэхээр хүн бүрийн харцанд нэг тийм хүйтэн уур амьсгал орчихдог. Яагаад ч юм бид нэг нэгэндээ хайргүй хүмүүс болчихдог. Тэр үед нь нэг нэгнийгээ дулаацуулах сэтгэлийн үгийг харамгүй хэлдэг байгаасай.
Сэтгэл зүйн эрүүл мэнд бол нэг л өдөр амиа хорлочихдог, нэг л өдөр сэтгэл гутралд орчихдог, нэг л өдөр орчлонгоос явлаа, утгагүй юм байна гэдэг зүйл биш. Маш их цаг хугацаанд өөрийгөө үл хайхарсан, өөрийгөө хайрлаагүй, магадгүй хүмүүс түүний хүсэл мөрөөдлийг нь, юу хүсэж байгааг нь сонсоогүй, хэрэгцээг нь хангаагүй байдлаас болж үүсдэг зүйл. Тиймээс магадгүй өнөөдөр таны хийж чадах хамгийн сайн зүйл бол хэн нэгний дулаахан хүн байх явдал. Дулаахан хүн байх явдал нь хэн нэгэнд гоё үг хэлэх, гоё инээмсэглэх. Магадгүй нийгмийн нэг гишүүнийхээ хувьд тусламж хэрэгтэй байгаа тэрхүү хүнд өөрт тан мянган төгрөг байгаа бол 500 төгрөгөө хуваалцах нь энэ хүйтэн Улаанбаатарыг бага ч болтугай дулаацуулах явдал. Энэ нь мөнгө өгөхдөө биш үүнээсээ дулаахан мэдрэмж авахад байгаа юм шүү.
Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол өөрсдөөсөө эхэлдэг зүйл юм. Магадгүй та өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл биш байвал хэзээ ч хэн нэгэнтэй эрүүл харилцааг бий болгож чадахгүй. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зөв амьсгалж сурах, амьдралдаа байгаа зүйлсэд талархаж сурах гээд маш энгийнээс эхэлдэг. Энэ зааланд хамт сууж байгаа нь таны нийгмийг арай дээр болгох гэж хичээж байгаа оролдлого шүү. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Positive dadal-н багийнхандаа баярлаж байна. Мэдээж энд хүрэх гэж маш их цаг хугацаанд тодорхой хэмжээний нийгмийн нөлөөллийн ажлыг хийсэн. Тэр зүйлс нь ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө үр нөлөөг үзүүлж байгаа байх гэж найдаж байна. Эцэст нь, хүн бүхэн заалнаас гарахдаа хэн нэгний хувьд дулаахан байх тэр хүслээ дааж аваасай гэж хүсэж байна. Хажууд байгаа хүнээ анзаардаг байгаарай. Анзаарах гэдэг хамгийн эхний алхам шүү.
Ярилцъя, ойлголцъё
Оролцогч Б: Хүн бүр өөр өөрийн хэцүүгээ даван туулаад явж байгаа. Энд сууж байгаа, хэцүүгээ даван туулж байгаа хүмүүст хүрэлцэн ирсэнд баярлалаа. Киноноос бодит байдлыг хараад нэг талаараа олзуурхаж байна. Анзаарсан нийтлэг тал нь юу вэ гэхээр хэцүүгээ даван туулж байх үедээ байгаа мэдрэмжүүдээ гаргах, ярих хэрэгцээ хэрэгтэй байгаа юм байна гэж харлаа. Би хуулийн чиглэлээр сурдаг учраас амиа хорлолттой холбоотой кейсүүдийг хангалттай уншиж байгаа. Тэдгээрээс хүний өөрийн амьтай дүйцүүлж байгаа тэр шалтгаан нь янз бүр байна лээ. Нийтээр нь харах юм бол ярьж чадахгүй, ойлгох хүнгүй гэж бодсондоо, ганцаараа гэж бодсон бодол тэр хүнийг явах шийдвэрийг гаргадаг юм байна гэж бодоод байгаа.
Надад ч гэсэн хэцүү зүйлс тохиолддог. Тэр үедээ би юу хийдэг вэ, яаж даван туулдаг вэ гэхээр уйлчихдаг юм. Миний хэлэх гээд байгаа зүйл нь хэцүү зүйл хүн бүрт тохиох байх. Харин тэр үедээ уйлж мэдрэмжээ гаргаж байгаарай, хэн нэгэн өөрт тан ярих гээд ярилцмаар байна гэвэл сайн сонсогч нь байгаарай.
Оролцогч С: Хоёр жилийн өмнө миний амьдралд гэнэтийн хүнд үйл явдал болсон. Тухайн үед би өөрийгөө хямрахгүй, стресстэхгүй байна, сайн давж туулж байна гээд яваад л байсан юм. Гэтэл өөрөө ч мэдэхгүй сэтгэлийн гүн дарамтад орчихсон байснаа мэдээгүй. Тэгээд зургаан сар орчмын дараа гэнэт бүх юмыг өөрөөр мэдэрч, юунаас ч гоё мэдрэмж авахгүй, сэтгэл хөдлөлгүй болоод өөртөө хэн ч биш болчихсон юм шиг санагдсан.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр асуудал гарсан тохиолдолд мундаг хүн болох гээд, хүчтэй байх ёстой гэсэн зүйлээр өөрийгөө тэжээхгүйгээр илэрхийлж чадаж байгаа ойр дотнын аав ээж, найз нөхөд зэрэг сонсох хүмүүстээ илэрхийлж тайвшруулж байгаарай. Дандаа сайн байх ёстой гэж битгий тэвчиж байгаарай. Хэцүү байгаа бол хэцүү байгаагаа илэрхийлж байгаарай.
Ийн өөрт буй асуудал, олж харсан өнцгөө бусдадаа хуваалцаж, сэтгэл зүйн эрүүл мэнд, боловсролдоо анхааран Positive Dadal-ын кино эвентэд оролцсон амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, дэмжсэн "Хүрд" кино багийнхан болон найруулагч Л.Номинд гүнээ талархал илэрхийлье.
Хэрэв та бүхэн Positive Dadal-аас зохион байгуулах гэж буй дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг хүсвэл Оптимал Эн Макс ХХК болон Positive Dadal-н цахим хуудастай ойр байгаарай.


